Манай улсад тулгамдаж буй асуудлын нэг нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээ байдаг. Ялангуяа хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт бага байдлаас бүтээн байгуулалтын ажил удаашралтай явагддаг нь нууц биш. Хамгийн сүүлийн мэдээллээр хөдөө, орон нутгийн хэмжээнд сургуулийн насны нийт 302,853 хүүхэд байгаа бол сургуулийн барилгын хүчин чадал нь 210,881 хүүхдийнх байгаа юм. Энэ нь орон нутгийн хэмжээнд нийт 91,972 хүүхдийн сургуулийн барилга, 71,236 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлагатай гэсэн үг юм.
Тэгвэл орон нутагт төдийгүй нийслэлд ховорт тооцогдох иж бүрэн цогцолбор барилга Өмнөговь аймгийн Ханбогд суманд сүндэрлэхээр болжээ.
Тодруулбал, Оюутолгой компани, Ханбогд сумын хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсаны дагуу “Говь-Оюу” Хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгыг Ханбогд суманд барихаар болж, бүтээн байгуулалтад шаардлагатай 7,8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болжээ. Энэхүү цогцолборын барилгын ажил тун удахгүй эхлэх бөгөөд ирэх онд ашиглалтад орох юм байна.
“Говь Оюу” Хөгжлийг дэмжих санг Өмнөговь аймгийн төр захиргааны байгууллага болон Оюутолгой ХХК хамтран байгуулсан юм байна. Тус сангийн ТУЗ долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэдний нэг нь Ханбогд сумаас Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдсон Б.Эрдэнэ-Очир аж. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын хувьд энэхүү сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалтыг шийдүүлэхээр нэлээд хөөцөлдөж, ихээхэн хүчин чармайлт гаргасны хүчинд ийн биелэлээ олжээ.
“Говь-Оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгыг Ханбогд суманд барихаар болж, бүтээн байгуулалтад шаардлагатай 7,8 тэрбум төгрөгийг шийдвэрлэжээ.
Түүний өвөө Б.Чогджав боловсролын салбарт 50 гаруй жил багшаар ажиллаж, бүхий л амьдралаа боловсролын салбарт зориулжээ. Тэр ч утгаараа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, боловсролын салбарт түлхүү анхаарч ажилладаг гэдгийг нутгийн иргэд нь хэлж байв. Тухайлбал, тэрээр 2006 оноос хойш жил бүр Монгол Улсын Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Чогдов агсны нэрэмжит “Багшийн хишиг” хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулах болжээ. Энэхүү хөтөлбөр нь багшийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэх, сурагчдын сурлага, урлаг спортоор үзүүлсэн амжилтыг урамшуулах, урам зориг хайрласан ач холбогдол бүхий ар хэмжээ болж хэвшсэн гэдгийг багш, сурагчид онцолж байна.
Ханбогд суманд сүндэрлэх энэхүү сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор тус сумын хүүхэд багачууд цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдах боломжтой болох юм байна.
Түүнчлэн Ханбогд сумынхан сумаа хот болгох ерөнхий төлөвлөгөөг баталсан аж.
Дашрамд дурдахад Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 776,614 хүүхэд байна гэсэн судалгааг албаныхан гаргасан байдаг. Гэтэл тэдгээрт ноогдох сургууль, цэцэрлэгийн барилгын хүчин чадал 472,082 хүүхдийнх байгаа юм.
Үүнээс үзэхэд улсын хэмжээнд нийт 146,413 хүүхдийн хүчин чадал бүхий сургууль, 158,099 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлага тулгарч байна.