Б.Эрдэнэ-Очир: Оюутолгойн өгөөжийг орон нутгийн боловсролын салбарт түлхүү оруулахыг хичээж байна

-Оюутолгойд Ханбогдын 30 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна-

Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ. Энэхүү гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг “Рио Тинто” групп батлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор ирэх зургаадугаар сараас “Оюутолгой” ХХК ажиллах хүчээ нэмэгдүүлж 3000 гаруй монгол ажилчин авахаар шийдвэрлэжээ. Ийнхүү Оюутолгойн бүтээн байгуулалт идэвхжиж эхлэх нь. Энэ талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-“Оюутолгой” ХХК 3000 монгол ажилчин авахаа мэдэгдсэн нь сүүлийн үеийн  хамгийн таатай мэдээлэл болоод байна. Орон нутгийнхан ч үүнд баяртай байгаа байх?

-Мэдээж энэ бол сайхан мэдээ. Ханбогд сум төдийгүй аймаг, улсын хэмжээнд эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой энэ том уурхайн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, орон нутгаас ажиллах хүч олноор авна гэдэг сайн хэрэг. Иргэд ажлын байртай, цалин орлоготой болно гэдэг хамгийн чухал.

Сүүлийн дөрвөн жил “Оюутолгой” ХХК-ийнхантай тодорхой хэмжээнд ойлголцолд хүрч, Оюутолгой, Ханбогдын бизнес парк гэж байгуулагдсан

-Одоогоор “Оюутолгой” ХХК-д орон нутгаас хэр олон хүн ажиллаж байна вэ. Ирэх сард нэмж авах 3000 монгол ажилчдын хэдэн хувь нь Ханбогдынхон байх бол оо?

-Бид “Оюутолгой” ХХК-д “Та  нар нутгийн компаниудыг туслан гүйцэтгэгчээр авах ёстой. Орон нутгийн иргэдийг хамгийн нэгдүгээрт ажилд ав” гэж их олон жил ярьж хэлж байгаа. Энэ талаар бид сүүлийн дөрвөн жил “Оюутолгой” ХХК-ийнхантай тодорхой хэмжээнд ойлголцолд хүрч чадсан. Ханбогдын олон иргэн ажилгүй, орлогогүй байна. Хоёрдугаарт, малын бэлчээр, газар нутаг дээр нь Оюутолгойтой холбоотой компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Ингээд орон нутгийнхан бизнес байхгүй, орлого байхгүй болдог. Ийм байж болохгүй ээ. Тийм учраас та нар орон нутгийн иргэдийг бодлогоор дэмж гэж “Оюутолгой”-нхонд бид олон жилийн өмнөөс шаардлага тавьж ирсэн. Мэдээж том төсөл хэрэгжүүлэхэд газар хэрэгтэй. “Оюутолгой” ХХК маш том хэмжээний газарт үйл ажиллагаа явуулна. Тиймээс бид бодлогоор орон нутгийнхаа компаниудыг дэмжиж байгаа. Тухайлбал, газрыг нь орон нутгийн компаниудад олгоё, харин танайх туслан гүйцэтгэгчээр орж ирж байгаа хөрөнгө мөнгөтэй гадна дотны компаниудаа манай тэр газар олгосон компаниудтай хамтран ажиллахад нь анхаар. Ингээд хоёр талаасаа нийлээд орон нутгийн компаниуд болон гаднын компаниудын бизнесийг нь дэмжиж ажиллая гэдэг асуудлыг сумын Бизнесийн зөвлөл “Оюутолгой” ХХК-тай ярьсан. Энэ яриа хэлэлцээрийн дүнд Оюутолгой, Ханбогдын бизнес парк гэж байгуулагдсан. Тэнд яг энэ чиглэлээр орон нутгийн компаниудад газрыг зохих хууль журмын дагуу олгоод явж байгаа. 

-Орон нутагт жилдээ 30 гаруй сая долларын хөрөнгө оруулалт орж ирдэг-

-Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр орон нутгаас хэр олон компани, аж ахуйн нэгж ажиллаж байна вэ?

-Энэ талаар ч гэсэн бид “Оюутолгой”-нхонд байнга шаардлага тавьдаг. Ханбогдын компаниудыг тендерт оруулна, Ханбогдын хүмүүсийг ажилд авна гэдэг асуудал үүсэнгүүт Ханбогдод шилжин очигсод эрс нэмэгдсэн. Мөн компаниуд Ханбогдынх болж бүртгэлээ өөрчилдөг. Түүнчлэн Ханбогдод компани байгуулах сонирхол асар ихээр нэмэгдсэн. Энэ бол сайн хэрэг. Ханбогдод 2013 онд 90 гаруй компани байсан бол одоо 300-гаад компани байна.

-Эдгээр компаниудын хэд нь “Оюутолгой”-н гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажилладаг юм бол?

-Оюутолгойд орон нутгийн компаниуд маш цөөхөн байсан. 2012 онд гэхэд ердөө 3-4  компани л байлаа. Тэдний үйл ажиллагаа тухайн үедээ өргөн хүрээтэй биш байсан л даа.  Тэр үед 800 гаруй нь монгол компани. Тэгээд бид санаачилж сумын ИТХ-аас тогтоол гаргаж сумын Бизнесийн зөвлөлийг байгуулсан. Ингээд Бизнесийн зөвлөлөөрөө дамжуулж Оюутолгойн удирдлагуудад санал тавьсан. Монгол Улсын эдийн засгийн гол ачаа хувийн хэвшлийн нуруун дээр явдаг. Тиймээс орон нутгийн компаниудыг дэмжих нь том хөрөнгө оруулалт. Та нар орон нутагт тав арван төгрөг өгөхөөсөө илүү нэгдүгээрт, хүмүүсээ суманд байршуул, хоёрдугаарт, орон нутгийнхны бизнесийн үйл ажиллагааг дэмжээрэй гэдэг асуудлыг нэлээд ярьсан. Тэрний хүчинд өнөөдөр Ханбогдын 30 гаруй компани Оюутолгойд үйл ажиллагаа явуулж байна. Үүгээр дамжиж орон нутагт жилдээ 30 гаруй сая долларын хөрөнгө оруулалт орж байгаа. Оюутолгойтой харьцдаг гадаад дотоодын нийт 1500-гаад компани бий. Үүнээс Өмнөговийн 140 гаруй компани байна.

-2012 оноос өмнө Ханбогдын компаниуд Оюутолгойд яагаад тийм цөөхөн байсан юм бол?

Нутгийн иргэдэд зориулсан санхүү, маркетинг, менежмент, тендер яаж боловсруулах вэ гэх зэрэг сургалтуудыг хэд хэдэн удаа хийсэн

-Ер нь манай Ханбогдынхон зах зээлд шилжсэнээс хойш олон жил бизнес хийсэн, амьжиргааны түвшин бол гайгүй л дээ. Гашуунсухайтын боомтоороо дамжуулж худалдаа, наймаа нэлээд хийдэг. Тиймээс 2010 оноос хойш л орон нутгийнхан Оюутолгойтой холбогдсон. “Рио Тинто”-гийн бодлого бол чадвартай компанийг л шалгаруулдаг. Ханган нийлүүлэгчид ёс зүйтэй байх ёстой, дүрэм журамтай байх ёстой. Тэр дүрэм журмыг нь манай компаниуд сайн мэдэхгүй. Дээр нь менежмент, санхүү, эдийн засгийн чадавхи, компанийн  засаглал тааруу тйим үе байсан. Тэгээд 2012 оноос хойш бидний барьсан бодлого бол компани гэхээсээ илүү хувь хүн болоод компанийн чадамж, чадавхийг дээшлүүлэх сургалтуудыг нэлээдгүй хийсэн. Тэгж байж тэр тухайн  компанийг удирдаж байгаа залуу хүн менежмент, маркетингийн бодлого, санхүү гээд бүх юмыг сурч мэдэж, өөрийн потенциалдаа тулгуурлан компаниа авч явах ойлгоцтой болж компани нь  цаашид зөв бодлого чиглэлтэй ажиллахад бага ч гэсэн түлхэц болсон. Анхлан бизнест хөл тавьж байгаа залуу үйл тухайн ажиллагаагаа  явуулахад хүндрэлтэй шүү дээ. Тиймээс бид “Оюутолгой” ХХК-тай хамтарч орон нутгийн иргэддээ зориулсан санхүү, маркетинг, менежмент, тендер яаж боловсруулах вэ гэх зэрэг сургалтуудыг нэлээд хэдэн удаа хийсэн.

-Ханбогдын 30 гаруй компани Оюутолгойд үйл ажиллагаа явуулж байна-

-Дөрвөн жилийн өмнө гуравхан компани “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байж. Одоо энэ тоо арав дахин нэмэгдсэн гэхээр дагаад сумын эдийн засгийн хүчин чадал, хүн амын тоо зэрэг нэмэгдсэн байх даа?

-Сумын хүн амын механик өсөлт нэмэгдсэн. Зөвхөн орон нутгийн компани, орон нутгийн хүмүүсийг ажилд ав гээд шахаад байхаар нөгөө талд нь ингэж хүн амын тэнцвэр алдагддаг юм байна. Ханбогдтой зэргэлдээ Манлай, Баян-Овоо сумынхан “Оюутолгой”-д ажилд орохын тулд тэр чигээрээ нүүгээд, шилжээд ирдэг. Энэ хоёр сум 1000 гаруй, 1000 гаруйхан хүн амтай. Гэтэл Ханбогд сум 6000 гаруй хүн амтай. Сүүлийн гурав, дөрөвхөн жилийн дотор хүн ам нь хоёр дахин нэмэгдчихлээ. Хөрш зэргэлдээ сумдаас дөч, тавиараа л Ханбогд руу шилждэг. Тэднийг дагаад гэр бүлийнхэн нь араас нь очдог. Ингээд эдгээр сумын төв үндсэндээ эзгүйрэх шахаж, статус, засаг захиргааны нэгжийн хувьд хэцүү болж байгаа. Тиймээс бид саяхан аймгийнхаа удирдлагуудтай хамт “Оюутолгой” ХХК-ийнхантай уулзалт хийсэн. Энэ уулзалтад Манлай, Баян-Овоо сумын Засаг дарга нар ч оролцсон. Ингээд бид юу гэж ярьсан гэхээр заавал Ханбогдынхныг  ажилд авна гэхээр сөрөг асуудлууд маш их  гарч ирсэн. Тэгэхээр тухайн компани хэрэгцээтэй ажлын байраа зарлаг. Ямар ажлын байрууд байгаа талаар чиглэлээ орон нутагт өгөг. Тэгэхээр нь бид Ханбогдоос хэдийг авах вэ, Баян-Овоогоос хэдэн хүн авах вэ, Даланзадгадаас хэдийг авах вэ, бусад сумаас хэдийг авах вэ гэдгээ хоорондоо ярьж тохиролцоод квот тогтоогоод тэр дагуу хүмүүсээ шалгаруулж авдаг болъё гэж ярилцсан. Тэгэхгүй бол Ханбогдыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн, нүүдэл, суурьшил, төвлөрөл нэмэгдэж байгаа сайн талтай ч нөгөө талаасаа сөрөг зүйлүүд ажиглагдаж байгаа. Мэдээж хүн амын тоо нэмэгдэж байгааг эерэгээр харах юм бол Ханбогд суманд худалдаа, үйлчилгээний газрын тоо эрс нэмэгдсэн. Энэ чиглэлээр бизнес эрхэлдэг иргэдийн орлого нэмэгдэж байгаа. 

-Мэргэжлийн боловсон хүчинг сургаж Оюутолгойд олноор ажиллуулах бодлогыг орон нутгаас барьж байна-

-Орон нутгийн иргэдийн боловсрол, мэргэжил, дадлага туршлага “Оюутолгой” ХХК-иас тавьж байгаа шаардлагад хэр нийцдэг юм бэ?

-Энэ жаахан төвөгтэй асуудал. Ажлын байр зарлагдахад ихэвчлэн жолооч, үйлчлэгч зэрэг туслах ажлын байруудад орон нутгийн иргэд гол төлөв очиж, ажилладаг. Харин нарийн мэргэжлийн боловсон хүчинг сургаж, бэлтгэн Оюутолгойд олноор ажиллуулах бодлогыг орон нутгаас барьж байгаа. Тийм учраас бид орон нутгийн иргэдийг мэргэшүүлэх, нарийн мэргэжлийн сургалтанд хамруулах талаар бодлого боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, орон нутагт алс хэтдээ хэрэгтэй, нэн чухал шаардлагатай мэргэжлээр нутгийн залуусыг гадаад, дотоодын их, дээд сургуульд сургах зардлыг нь “Оюутолгой” ХХК дааж байх талаар ярилцаж тохиролцсон. Жил бүр 15-20 оюутны их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг “Оюутолгой” ХХК-иар даалгаж байгаа. Цаашлаад их, дээд сургууль амжилттай төгссөн оюутан, залуусыг гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад магистр, докторт суралцуулах асуудлыг бодлогынхоо нэг хэсэг болгон ажиллаж байна.

-Зөвхөн Ханбогдын оюутнуудын төлбөрийг даана гэсэн үг үү?

-Ганц манай суманд гэж ойлгож болохгүй. Өмнөговь аймгийн хэмжээнд ийм бодлого баримталж байгаа юм.

-Тэтгэлгээр суралцсан оюутнууд төгсөөд нутагтаа ирж байна уу?

-Түрүүчээсээ төгсөөд нутагтаа ирж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна.

 Нэн чухал шаардлагатай мэргэжлээр нутгийн залуусыг гадаад, дотоодын их, дээд сургуульд сургах зардлыг нь “Оюутолгой” ХХК дааж байх талаар ярилцаж тохиролцсон

-Ханбогдын хүн амын механик өсөлт нэмэгдэж байгаа гэлээ. Үүнийг дагаад мэдээж сөрөг үзэгдэл, хүндрэл бэрхшээл гарч байгаа байх даа?

-Цаашид Ханбогд сум маань 25-30 мянган суурин оршин суугчтай, хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд бараг 40 мянган хүн амтай хот болно. Тэгэхээр төрөөс үзүүлдэг үйлчилгээ, соёл, урлаг, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай болж таарна. Одоо ч гэсэн нийгмийн үйлчилгээнүүд хүрэлцээ муу байгаа. Эмнэлэг, сургууль маш их хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар 330 хүүхдийн багтаамжтай сургуульд 960 хүүхэд сурч байна. Энэ хамгийн хүндрэлтэй асуудал. Бид энэ асуудлыг шийдүүлэхээр аймгийнхаа ИТХ-д санал тавиад л байгаа. Харамсалтай нь эдийн засгийн хүндрэлтэй, төсөв мөнгө хямарсан, улсын төсвийн хүрэлцээ муу гээд шинээр барилга барих бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Харин Өмнөговь аймгийн төр захиргааны байгууллага болон “Оюутолгой” ХХК хамтран “Говь Оюу” хөгжлийг дэмжих сан байгуулсан. Энэхүү “Говь Оюу” сангаас жил бүр таван сая долларыг говийн хөгжил цэцэглэлт, орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж зарцуулдаг. Бид сүүлийн хэдэн жил нэлээд эрчимтэй ярилцсаны үр дүнд 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах асуудал шийдэгдэж сая  тавдугаар сард гэрээнд гарын үсэг зурсан. Миний хувьд боловсролын салбарт нэлээд ойр байдаг учраас энэ асуудал шийдвэрлэгдсэнд маш их таатай байгаа. Хэвлэлийн хуудсаар дамжуулаад аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Оюу толгой ХХК-ны удирдлага холбогдох хүмүүст баярлаж талархаж буйгаа илэрхийлж байна.

-Ханбогд суманд 7.8 тэрбум төгрөгөөр  сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахаар болжээ-

-Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа орон нутгийн малчдын ахуй амьдрал, уламжлалт мал аж ахуйд  хэр нөлөөлж байна вэ?

-Малчдын дунд бэлчээргүй боллоо, малын ундны усгүй боллоо гэдэг яриа их гардаг. Энэ бол тулгамдсан асуудал. Мянга алт, зэс байгаад уух усгүй, мал бэлчих бэлчээргүй бол яах юм. Оюутолгойн уурхай секундэд 800  литр усыг хэрэглэдэг. Малчдын хувьд уурхайн тавьсан тэрхүү цооногоор дамжаад хөрсний ус гүн рүүгээ алдагдаж байна гэж үздэг. Түүнээс болж өнгөн хөрсний болон гар худгийн ус байхгүй боллоо, ургамал их хатаж, амьтад усгүйдэж байна гэдэг. Уурхайн нөлөөллийн бүсэд 89 өрх байдаг ч бидний зүгээс зөвхөн 89-өөр зааглах бус нийт малчдыг нөлөөллийн бүсэд хамруулах хэрэгтэй гэдгийг “Оюутолгой” ХХК-тай ярилцаж байна. Нөгөө талаас газар дор маш их хэмжээний далай байгаа гэж үздэг юм. Оюутолгойн орд газрыг 100 жил ашиглалаа гэж тооцоход секундэд 800 литр ус хэрэглээд явахад газрын дор байгаа усны дөнгөж 14 хувийг л ашиглана гэсэн тооцоо судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр байгаль, экологийн өөр шалтгаан бий гэдэг. Үүнийг бид үнэн худлыг мэдэхгүй. Малчид бол Оюутолгойтой л холбоотой гэдэг юм. Яах аргагүй ус ширгэсэн үү ширгэсэн, байгаль экологи доройтож өвс ургамал хатаж гандаж байгаа юу гэвэл тийм. Чухам ямар шалтгаанаас болж хөрсний гадаргын ус доошлоод байгааг мэргэжлийн судалгааны багт хандаж судалгаа хийлгүүлж байгаа. Энэ асуудлаар Оюу толгой ХХК ч гэсэн бодлого боловсруулж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулж байгаа гэсэн мэдээллийг авсан.

Жилд усны төлбөр болгож 18 тэрбум төгрөг авдаг ч бүгд аймаг руу татаасаар явчихдаг

-Оюутолгойгоос усны төлбөр гэж авдаг уу?

-Говь нутаг уул уурхайн маш их баялагтай. Түүнийг зөвхөн тухайн орон нутгийнхан дангаараа хааж боож болохгүй. Гэтэл нөгөө талаар уул уурхайгаас олж байгаа мөнгийг дээш нь аймаг, улсын төсөвт шууд татаад авдаг болохоор орон нутагт ямар ч ашиг бараг байдаггүй. Оюутолгойн усны нөөц ашигласны төлбөр л гэхэд орон нутгийн төсөвт нэг ч төгрөг ордоггүй. Жилд 18 тэрбум төгрөг усны төлбөрөөс авдаг. Тэр нь бүгд аймаг руу татаасаар явчихдаг. Үүнээс тодорхой хувийг орон нутагт авч үлдэж болохгүй юу гэж олон хүмүүс асууж байна. Одоо Ашигт малтмалын тухай шинэ хууль батлагдсанаар тухайн уул уурхайн орд газрын орлогын 30 хувь нь орон нутагт үлдэх ёстой болсон. Энэ хуулийн заалт хэрэгжиж эхлэхээр Ханбогдын хөгжилд маш том дэмжлэг болно.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой-

-“Оюутолгой” ХХК үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний жилүүдэд нутгийн иргэдтэй үл ойлголцох асуудал нэлээд тулгардаг байсан гэдэг. Харин одоо энэ харилцаа нэлээд сайжирсан нь ажиглагдаж байна л даа?

-Тэгэж хэлж болно. Бид 2012 оноос хойш тус компанийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг иргэдэд тогтмол өгдөг болсон. Нөгөө талаас орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шат шатандаа гаргасан бодлого шийдвэрүүдийг танилцуулдаг. Сумын үе үеийн удирдлагууд энэ л орон нутгийн ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр орон нутагт  үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л уул уурхайн компани, ААН-үүдтэй хамтарч ажиллаж ирсэн. Аливаа юм хоёр талтай. Энэ том уурхайн төсөл хэрэгжиж байхад Ханбогдынхон бид л үр шимийг нь хүртэх ёстой гээд хориг тавиад суугаад байж болохгүй. Зөвхөн Оюутолгой гэлтгүй бусад компанийн үйл ажиллагаанас шалтгаалаад энэ нутгийн иргэд өчүүхэн ч хохирч үлдэх ёсгүй. Уурхайгаа хаагаад гараад явлаа гэхэд орон нутаг хөгжчихсөн, уугуул суугуул иргэд нь өөрсдийгөө авч явах хэмжээний боловсролтой, чадвартай болсон. Нутаг орноо авч явах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдсэн байх ёстой. Тэгэхийн тулд өнөөдөр залуустаа өндөр боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Тиймээс Оюутолгойнхныг боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж байнга ярьдаг. Бид Оюутолгойгоос орж ирж буй хөрөнгө оруулалтыг улс орны ирээдүйг авч явах боловсролын салбарт түлхүү оруулах талаар чармайн ажиллаж байна.

-Далд уурхайн бүтээн байгууулалт эхлэхээр 3000 ажилчин авна гэж байгаа. Мэдээж эдгээр иргэд бүгд орон нутгийнх биш учир тэдний амьдрах орчин нөхцөлийг нь хэрхэн шийдвэрлэх вэ. Энд сум орон нутгаас баримталж буй бодлого, төлөвлөгөө юу байна?

-Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх нь тодорхой болсон. Ханбогд сум хот болоход энд ажиллах ажиллагсдын  оролцоо байх хэрэгтэй. Үүнийг бодлогоор Ханбогдод суурьшуулах хэрэгтэй гэдгийг “Оюутолгой” ХХК-д тавьж байгаа. Үүнийг цогцоор нь зөв гольдирлоор явуулах нь маш чухал болоод байна.

-Тэгэхээр Оюутолгойд ажиллахаар очиж буй иргэд Ханбогдод суурьшихаар тэр хэрээрээ сумын хөгжилд хувь нэмрээ оруулах байх, тийм үү?

-Яг үнэн. Тэр хэрээрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дагасан жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес хөгжих боломжтой. Нутгийн уугуул, суугуул иргэд тэр шинэ шинэ бизнесүүдэд оролцож, авч явснаар нэг хүн, нэг аж ахуй нэгжийн бизнес, бусад олон олон компаниудын үйл ажиллагааг  дэмжин харилцан ашигтай  зарчмаар ажилласнаар хөгжлийн үүд хаалга нээгдэнэ. Бид хөгжлийн шинэ давалгааны өмнө ирээд байгаа энэ цаг үеийг цөөн үгээр  хэлбэл Монгол Улс-Оюутолгой ХХК тэр дундаа орон нутгийн иргэд хамтдаа “Хожил хожлын зарчим”-аар хэн нэгэн нь хохирч үлдэхгүйгээр ирээдүй рүүгээ хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

  • Сэтгүүлч: Г.Баяр
  • Eagle.mn