Жишиг тогтоосон хэлэлцүүлэг Ханбогд суманд боллоо

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 10-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Эрдэнэ-Очир, Т.Буян-Өлзий, С.Сайнбаяр нар 2020 оны 10 сарын 4-ний өдөр буюу өнгөрөгч ням гарагт Ханбогд сумын “Үлэмжийн чанар” соёлын төвд иргэд, сонгогчидтойгоо уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар Өмнөговь аймгийн Монгол Ардын намаас 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцож буй “Говийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөр болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын Монгол Ардын намаас 2020-2024 онд хэрэгжүүлэх “Иргэнээ дэмжинэ-Их хотын төлөө хамтдаа хөгжинө” мөрийн хөтөлбөрийг суртачлан таниулахаас гадна Ханбогд сумын иргэд, малчид, төрийн албан хаагчид, шилжин суурьшсан иргэдийн тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж, гарц шийдэл тодорхойлсон нь онцлогтой байлаа.

Хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уулзалтын турш сонгогчид Өмнөговь аймгийн ИТХ-ын  сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэ-Очир, Т.Буян-Өлзий, С.Сайнбаяр нараас лавшруулж тодруулахыг хүссэн асуултдаа хүссэн хариултаа авч чадаж байлаа.

Иргэдийн зүгээс сумын төв доторхи замын сүлжээг өргөжүүлэх, эмнэлэг, сургуулийн ажиллах боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, Оюутолгой компанийн орон нутгийн харьяалалтай ажилчдын цалин, үнэлэмжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт цогцолбор, хотын  дэд бүтцийн ажлууд ялангуяа дулааны станц барих төслийн ажлын явц зэрэгт  түлхүү анхаарч, дээрхи асуудлууд МАН-ын хөтөлбөрт хэрхэн тусгагдсаныг асууж тодруулсан юм.

Өмнөговь аймгийн ИТХ-ын  сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэ-Очир, Т.Буян-Өлзий, С.Сайнбаяр нарын зохион байгуулсан Ханбогд сумын иргэд, сонгогчидтой хийх уулзалт орон нутгийн сонгуулийн сурталчилгааны “жишиг болохуйц” уулзалт болж чадсан гэж Ханбогдчууд ам сайтай байлаа.