Б.Эрдэнэ-Очир: Ханбогд сум эдийн засгийн том бүс нутаг болох ёстой

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 10-р тойрог, Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 2-р тойрог, Гавилууд багт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Бямбацогтын Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Түүний хувьд 2012-2020 оныг хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажиллаж байгаа юм.

-Та аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчээр улиран сонгогдсон. Энэ хугацаанд ололт амжилт, бэрхшээл юу байв?

Миний бие Ханбогдчуудынхаа итгэлийг хүлээж, хоёр удаагийн сонгуульт хугацаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож ажиллалаа. Энэ нутагтаа төрж өсөж, амьдарч байгаа хүний хувьд Өмнөговь аймаг Монгол Улсын өнгийг тодорхойлох эдийн засгийн том бүс нутаг болох ёстой гэж боддог. Бизнесмэн хүний хувьд нутагт маань үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг уул уурхайн эдийн засгийн эргэлттэй холбох нь чухал гэж үздэг. Үүнд суурилсан ирээдүйн хөгжлийг нутагтаа бий болгохыг зорьж, бодож явдаг. Анх намайг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдоход буюу 2012 онд Оюутолгой компанитай ханган нийлүүлэгчийн гэрээтэй Ханбогд сумын 2-3 компани байсан. Тухайн үеийн сум орон нутгийн удирдлагууд бүс нутгийн хөгжлийн асуудалд Оюутолгой компанитай харилцан ойлголцож, хамтран ажиллах нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэг байгуулахад миний бие тухайн ажлын хэсгийг ахалж ажиллаж байлаа. Үр дүнд нь Ханбогд сум Оюутолгой төсөл “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сан байгуулагдсан. Гэрээ хэрэгжиж эхэлснээр зөвхөн Ханбогдын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд Оюутолгойгоос зарласан тендерт давуу эрхтэй оролцох боломж бүрдсэн. Ингэснээр ханган нийлүүлэгч компани 70 гаруй болж, өргөжин тэлсэн.

-“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш таван жилийн нүүр үзжээ. Энэ сан байгуулагдсанаар бүс нутагт ямар өөрчлөлт авчрав?

-Энэ сангаар дамжуулж таван жилийн хугацаанд “Оюу толгой” компаниас Хамтын ажиллагааны гэрээний дагуу 200 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлснээс сургуулийн барилга хоёр, хүүхдийн цэцэрлэг зургаа, аймгийн музейн барилга, сумын хүн эмнэлэг хоёр гэхчилэн нийгмийн шинжтэй дэд бүтцийн олон бүтээн байгуулалтыг хийсэн. Эдгээр төслийн үр дүнд 400 орчим шинэ ажлын байр бий болж, 187 оюутанд сургалтын бүрэн тэтгэлэг олгож, сургалт, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт чадавхижуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүлээн авсан санхүүжилтийнхээ тодорхой хэсгээр “Өмнөговийн ирээдүй хойч үеийн төлөө сан”-г бий болголоо. Энэ бол хойч үеийнхээ хөгжилд оруулж буй том хөрөнгө оруулалт.

-Өмнөговьчууд, тэр тусмаа Ханбогдын иргэн бүр байгалийн баялагийнхаа үр шимийг хангалттай хүртэж чадаж байгаа болов уу?

-Ханбогд суманд өдрөөс өдөрт шилжин ирж байгаа хүний тоо өсөн нэмэгдэж байна. Тэгэхээр энд амьдарч байгаа иргэн, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүр ашигтай, орлоготой ирээдүйтэй байхыг хүсэж эрмэлздэг. Ханбогд сум эдийн засгийн бүс нутаг. Газар зүйн байршлын хувьд БНХАУ-тай хиллэдэг Гашуунсухайт боомт манай нутагт байна. Дэлхийн хэмжээний уул уурхайн төсөл манай нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа. Үүнийг дагасан бодлогын хэмжээний бизнес, гадаад дотоод түншлэлийг бий болгон иргэд, бүс нутагт үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний асуудал гэж бид үздэг.

-Тэгвэл Ханбогд сумыг хөгжүүлэх бодлого төлөвлөгөөг боловсруулахдаа хэдэн жилээр тооцоолсон бэ?

-Сонгуулийн үр дүнгээс хамааралтай Засаг захиргааны өөрчлөлт, улс төрийн тогтворгүй байдалд ганхаад байхгүй хөгжлийн бодлогыг баталж чадсан болов уу? Өнөөдөр ганц бүс нутаг төдийгүй Монгол Улсын бодлого дөрвөн жилийн мөчлөгтэй, сонгуулиас сонгуулийн хооронд өрнөж байна. Үүнд би санаа зовж явдаг. Нутаг орон болон Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацааных байгаасай. Тогтвортой байдлыг хангахын тулд “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг УИХ-аас баталсан хэрэг. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын түвшинд баримталж буй бодлогоос сум орон нутаг хазайх учиргүй. Манай сумын тухайд ажил олгогч, бизнес эрхлэгчдийнхээ цар хүрээг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг тогтвортой байлгахад илүүд анхаарч ирсэн. Ингэснээр өрх айл бүр орлоготой, сум орон нутагт бүтээн байгуулалт өрнөнө. Тодорхой жишээ дурдахад Ханбогд сумын бизнес эрхлэгчдийг Оюутолгой компанийн баяжмалын экспортын тээвэр, ложистикийн үйл ажиллагаатай холбож өгсөн. Энэ ажил өнөөдөр хүрээгээ тэлж, зэргэлдээх Баян-Овоо, Манлай сумыг татан оруулж чадсан. Уг ажил өнгөрсөн дөрвөн жилээр хэмжигдсэнгүй. Ирэх дөрвөн жил, түүний дараагийн он жилүүд гээд урт хугацаагаар үргэлжлэнэ. Өнгөрсөн хугацаанд бидний хийж чадсан хамгийн чухал амжилт бол Оюутолгой компанитай ойлголцолд хүрч орон нутгийн хөгжил дэвшлийг хамтдаа тодорхойлох болсон явдал.

-Ханбогд сумын ирэх дөрвөн жилийг та хэрхэн төсөөлж байна. Байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдана. Ханбогдыг дараагийн Налайх болгохгүйн тулд та бүхэн ямар ажлуудыг давхар бодож, хэрэгжүүлэх вэ?

-Байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдана гэдгийг бид цаг ямагт бодож тунгааж байх нь чухал. Тэр цагт Ханбогд өөрөө өөрийгөө авч явах эдийн засгийн чадамжтай болсон байх нь чухал. Ингэхийн тулд уул уурхайгаас орж байгаа үр өгөөж, ашиг орлогыг одоо суманд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдээ чадавхижуулахад, ЖДҮ-ийг олноор бий болгох, ирээдүй хойч үеийнхээ боловсролд хөрөнгө оруулах ёстой. Түүнчлэн Гашуунсухайт боомтыг түшиглэн экспорт, импортыг хослуулсан худалдааны бүс нутаг болж тэлэх бүрэн боломж бий. Үүний зэрэгцээ уламжлалт мал аж ахуйн салбараа шинэ шатанд гаргах нь чухал. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах ажлыг бид эхлүүлж байгаа нь энэ бодлого алсын хараатай шууд хамааралтай.

-Бодлогын түвшний олон асуудалд таны байр суурийг сонслоо. Харин энэ бүхэн Өмнөговь аймаг, Ханбогд сумыг хөгжүүлэх МАН-ын хөтөлбөрт тусгалаа хэрхэн олсон бэ?

-Дөрвөн жилийн өмнө боловсруулан хэрэгжүүлсэн “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхаарал хандуулсан байсан бол 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцож буй манай намын мөрийн хөтөлбөр илүү хүн төвтэй бодлогын асуудалд чиглэсэн. Тухайлбал, “Нэг өрх-нэг ажлын байр” төслийг хэрэгжүүлж шинээр 6000-гаас доошгүй ажлын байр бий болгохоор заасан. Энэ төслийн хүрээнд хүн бүрийг хөдөлмөрийн цахим бүртгэлтэй болгож, нийгмийн даатгал, хамгааллын тогтолцоотой уялдуулж, хөдөлмөр эрхлэлтийн хариуцлагыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Түүнээс гадна бага, дунд орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 1000 айлын “Орлогод нийцсэн орон сууц-2” хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ. Төр, орон нутаг, хувийн хэвшлийн оролцоотой 500 айлын сан бүхий өмчлөх эрхтэй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг ч хэрэгжүүлэхээр төлөвлөөд явж байна.

-Ханбогд сум хотын статус руу шилжих бэлтгэл ажил идэвхитэй өрнөж байгаа нь сайшаалтай ч мал аж ахуйн үндсэн дөрвөн багаа хөгжлийн бодлогоос орхигдуулж болохгүй шүү дээ?

-Ерөөсөө “Говийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөр маань аль нэг салбарыг орхигдуулаагүй бүхий л салбарт анхаарлаа хандуулсан. Малчид, хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн сүү сүүн бүтээгдэхүүн, түүхий эд, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийг байгуулах, малын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах талаар дэмжлэг үзүүлнэ. Мал аж ахуйн дөрвөн баг дээр тулгамдаад байгаа онцлох нэг заалтыг мөрийн хөтөлбөртөө зориуд тусгасан нь Засаг захиргааны нэгжийн өөрчлөлт юм. Өнөөдрийн түвшинд манай сумын нэг багийн хүн амын тоо дундаж хүн амтай сумынхтай ойролцоо байна. Гэтэл дийлэнхи нь сумын төвд амьдардаг иргэд. Үндсэн харьяаллын баг дээрээ очиж үзээгүй хүн ч байна. Тиймээс сумын төвд шинээр баг байгуулна. Ингэсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй, илүү ойр болно. Хөдөө баг дээр байгаа малчид багийнхаа асуудлыг Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцдэг. Сумын төв дээр байгаа иргэд шинэ байгуулагдсан багийнхаа хурал дээр сумын төв, хотын асуудлыг ярьдаг боломж бүрдэнэ.

-Сумын төв дээр Засаг захиргааны анхан шат нэгж нэмж байгуулагдсанаар шилжин ирэгсдийн нийгмийн асуудлыг ч шийдвэрлэх боломж бүрдэх нь ээ?

-Нэгэнтээ л энэ нутгийг зориод ирсэн, ажил амьдралаа холбосон төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн ажлын байр даган шилжин ирэгсдээ ажлын байр, амьдрах орчин нөхцөл бий болгохын тулд дэмжлэг хэрэгтэйг бид харсан. Ялангуяа багш, эмч зэрэг төсвийн байгууллагын ажилчдад газрын асуудлаас эхлээд хүндрэлтэй зүйл олон байна. Нийгмийн шинжтэй энэ асуудлыг газар дээр нь очиж танилцаж дуу хоолойг нь сонсож эргээд сумын бодлого шийдвэрт уламжлах хүн нь багийн дарга. Багийн хөгжлөөс сум хөгжинө шүү дээ.

-Ингэхэд Та “Хүүхдийн хүндэт элч” өргөмжлөлтэй байх аа? Ирэх дөрвөн жилд хүүхэд залуусын хөгжил, боловсрол руу чиглэсэн ямар ажлуудыг намынхаа мөрийн хөтөлбөрт багтаав?

-Хүүхэд, залуус руугаа хандсан олон ажил төлөвлөөд байна. Нэн тэргүүний ажил бол Спорт цогцолбор барих явдал. Сумын хэмжээнд хоёр сургуулийн спорт заал л байдаг нь хүн амын төвлөрлөөс хамаараад хүрэлцэхгүй болж ирлээ. Тиймээс ирээдүй хойч үеэ эрүүл саруул, амьдралын зөв хэвшилтэй, авьяас чадвараа нээн хөгжүүлэх боломжоор хангахын тулд энэ ажилд анхааран ажиллана. Мөн “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, “Чадварлаг багшаас хөгжсөн хүүхэд”, “Хөдөлмөр зуслан”, “Хүүхдээ сонсох өдөр”, “Эх орон бидний бахархал” аян, “Түүх соёлын дурсгалт газрын эко аялал” “Хүүхдийн чуулган” гэх мэт нэлээд олон төсөл арга хэмжээг мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Хот хөдөөгүй хүүхдүүд хөдөлмөрт шамдах, суралцах нь дутмаг болсон санагддаг. Тиймээс монгол ахуйд суралцах, түүх соёлоо мэдэх, өв уламжлалаа авч явахыг бодлогоор дэмжинэ.

-Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн биелэл 95 хувьтай байна. Өндөр хувьтай хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн гүйцээх амлалтууд ч энэ удаагийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэж найдаж байна?

-Тэгэлгүй яахав. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, малын гаралтай түүхий эд боловсруулах цех байгуулна. Үүний зэрэгцээ бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд гүн өрмийн найман худаг шинээр гаргахаар бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн газар тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой өрхийг хүлэмжээр хангана. Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт замын бүтээн байгуулттай холбоотой онцлох заалтуудаас дурдвал Баяндалай-Гурвантэс чиглэлийн 200 км авто замыг бүрэн барьж, ашиглалтад оруулахаар мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Уг замаас Хонгорын гол чиглэлийн сайжруулсан шороон замыг барьж эхлүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд 50 км явган, 20 км дугуйн замыг шинээр барьж байгуулна. Мөн сумын төв, хороолол дотор зам нэмж тавих талаар тусгагдсан. Ирэх 4 жилд Ханбогд суманд хатуу хучилттай 8-10 км орчим замыг тавина.

-Дөрвөн жилийн дараах Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумын хөгжил ямар түвшинд хүрсэн гэж харж байна?

-Хот болох сууриа тавьсан Ханбогд маань хүн ардынхаа эрүүл мэндийг дээдэлсэн хүүхэд багачууддаа дэлхийн боловсролыг эзэмшүүлсэн, төрийн үйлчилгээг ухаалаг болгосон, төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн, дулааны станцаа ашиглалтад оруулсан, хотын жишигт нийцсэн зам харгуйтай, бизнес,  үйлдвэрлэлийг өсөн нэмэгдүүлсэн, амьдрахад таатай хот болсон байх болов уу. Ийм л ирээдүй Ханбогд хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэж ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

-Баярлалаа.

Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын сонгууль эрхэлсэн байгууллага